Буддын бясалгал гэж юу вэ?

Дэлхий даяар өдгөө Буддагийн хүн төрөлхтөнд заан сургаж өвлүүлэн үлдээсэн их эрдэм ухааныг тэр л цэвэр ариун байдлаар нь заан сургадаг олон арван төвүүд эгэл даруухан хирнээ их мөрөн эргээ илбэн голдиролоороо урссаар далайдаа цутгах адил энэ ертөнцийн хүмүүний сайн сайхны төлөө хаяа хүрээгээ тэлэн, үүд хаалгаа дэлгэн 🌼дэлгэрсээр байгаа билээ.”

Мьянмар улсын сангийн сайд агсан Випашяна бясалгалын их багш Саяажи У Ба Кин зуун зууны турш Бирмийн цөөн лам нарын дунд хязгаарлагдмал хүрээнд багш шавийн дамжлагаар цэвэр ариунаараа хадгалагдаж ирсэн Буддагийн гэгээрэлд хүрсэн бясалгалын арга ухааныг орчин цагийн хүмүүсийн аж амьдралын хэв маягт зохицуулан 10 хоногийн ваакуум сургалтыг зохион байгуулж энгийн хүмүүс ч бясалгаж болох нөхцлийг бүрдүүлсэн нь тэртээх 2500 жилийн өмнө Будда гэгээрлийн хутагийг олоод энэхүү арга ухаанаа 45 жилийн турш лам, хар, бярман, хаан гээд бүхий л язгуурын хүмүүст заан сургаж байсан үйл явдалыг орчин цагт дахин сэргээсэн аугаа үйл хэрэг болсон юм.

(Випашяна бясалгалын их багш Саяаджи У Ба Кин — IMC Yangon )

Буддын бясалгал нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг байна.

Нэгдүгээрт — Самадхи буюу сэтгэлийн төвлөрөл, нам гүм байдал.
Энэ нь сэтгэлийг нэгэн цэгт төвлөрүүлэх дасгал сургуулилтын үр дүнд буй болдог бөгөөд үүнд “Анапана” хэмээх орж гарч буй амьсгалыг ажиглах бясалгалын арга техник гол суурь нь болдог .

Хоёрдугаарт — Випашяна буюу үнэнтэй нүүр тулах
Энэ нь Самадхигаар олж авсан төвлөрсөн сэтгэлийг ашиглан оюун санаагаа өөрийн дотоодод чиглүүлж, биед үүсэх мэдрэмжийг ажиглах замаар мэдрэмж,үзэгдэл бүхний туйлын үнэн болох түр зуурын-мөнх бус шинж чанартай гэх шалтгаан-үрийн холбоог өөрийн биеэр танин мэдэх үйл явц юм.


Анапана бясалгал – Амьсгал дээр төвлөрөхүй

Арав хоногийн Випашяна бясалгалын курсийн эхний тав хоногт, суралцагчид амьсгалын урсгал дээр төвлөрч, хамраар орж гарч буй амьсгалыг мэдрэх дадлыг хэвшүүлдэг.

Амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлэх буюу Анапанасати нь дараахь давуу талуудтай:

  • Амьсгал нь хүн бүрт заяагдмал, жам ёсны шинжтэй
  • Амьсгал нь амьдралын хором мөч бүрт үргэлж хамт байдаг
  • Амьсгал дээр төвлөрөх дасгалыг ямар ч шашин шүтлэгтэй хүн, эсвэл ямар ч шашин шүтлэггүй хүн хэн ч байсан хийж болдог бүхэнд нийтлэг тохиромжтой дадал юм.

Амьсгал орохдоо хамрын дотор, гадна, ойр орчимд шүргэнэ. Гарахдаа ч шүргэнэ. Шүргэлтээс үүссэн мэдрэмжийг ажиглан ажигласаар, дадуулан бясалгасаар төвлөрөл хэдий чинээ тогтоно та тэр хэмжээгээр жинхэнэ үнэнтэй хамт байж одоо цагтаа амьдарч сурч буйн эхлэл юм. Хором мөч бүрт амьсгалтайгаа хамт байж чадвал шунахайрал, уур хилэн, мунхаглалын гал унтарч намждаг ажээ. Амьсгал орж буй нь энэ мөчийн үнэн. Амьсгал гарч буй нь ч энэ л агшины үнэн билээ. Учир нь амьсгалыг орохоос өмнө мэдэх боломжгүй, гарсаны дараа ч мэдрэх аргагүй. Зөвхөн яг орж, гарах тэр агшинд л мэдэрч чадна.Энэ бол энэ мөчийн үнэнийг мэдрэх, үнэнтэй хамт байх энгийн хирнээ зөв арга зам юм.

Амьсгалаа ажиглах бясалгалыг зөв дадуулсанаар, суралцагч хэдхэн өдрийн дотор сэтгэл тогтвортой, тайван болсоныг мэдэрч болдог талаар Випашяна бясалгалын их багш Саяажи У Ба Кин онцолдог байжээ.


Випашяна бясалгал – Үнэнтэй нүүр тулахуй

Анапана бясалгалаар олсон төвлөрөл, нам гүмийг ашиглан дотоод ертөнцөө ажиглахад бид Випашяна руу орно.

Энэ бол бүхий л юмс үзэгдэл хийгээд биед үүсэх мэдрэмжийн түр зуурын шинж (мөнх бус/аничча)-ийг ухааран таних дадал юм.
Өөрийн тогтвортой сэтгэл, бодит туршлагаар л энэхүү үнэнтэй тулж, аливаа юмс үзэгдэл бүхэн мөнх бус, тасралтгүй үргэлжлэх хувиралт өөрчлөлтөн дунд байдаг зүй тогтол, мөн чанартайг гүн ойлгож эхэлдэг аж.

Энэ бол жинхэнэ эрх чөлөөнд хүрэх замын эхлэл юм.



Буддын бясалгал бол хий хоосон онол сургааль биш. Энэ бол жинхэнэ практик дадал, дасгал сургуулилт юм. Амьсгалаа ажиглах энгийн дасгалаар эхэлж, алд биенд орших амьдралын үнэн, ертөнтцийн жам ёс,зүй тогтлыг ухаарах үнэний зам,үнэнтэй оршихуй билээ.

Энэ л замаар алхасанаар аливаа хүн сэтгэлийн амар амгалан жинхэнэ эрх чөлөөнд хүрнэ.



Comments

Leave a comment