Хос сала модны дор
Махапаринирваан

Бурхан багш Айушман Анандад ийнхүү айлдав:
“Ананда аа, нааш ирэгтүн! Хиранявати голын цаадах Кушинарагийн ойд орших Маллагийн сала модны төгөл рүү очъё! хэмээсэнд Айушман Ананд: “Тэгье ээ Багшаа” хэмээн хариулав.
Ийнхүү Ананд тэргүүтэй олон лам хуврагийн хамтаар Бурхан багш Хиранявати голыг гатлан Маллагийн сала модны төгөлд хүрч очоод:
“Ананда аа, энэ хоёр ихэр сала модны дунд, толгойгоо хойд зүгт харуулан амрах ор бэлдэж өг” хэмээн айлдав. Ананд: Тэгье ээ Багшаа хэмээн хариулаад ёсоор нь бэлтгэв. Тэгээд Бурхан багш баруун хажуугаараа, арслан хэвтэшээр хэвтэн амрав. Тэр үед тэрхүү хоёр сала мод цаг улирал нь бус атал цэцэглэж, тэдгээр цэцгүүд Татхагата (Бурхан)-ийн биеийг илбэн байлаа. Тэнгэрээс мандарваа цэцэгс бороо мэт асгарч, тэнгэрийн зандангийн анхилуун үнэрт ариун тоос Бурхан багшийн бие дээр бууж, тэнгэрт яруу сайхан аялгуу эгшиглэв. Диваажингийн хөгжим, аялгуугаар тэр орчин бүхэлдээ цуурайтлаа.
Тэгэхэд Бурхан багш Анандад ийнхүү айлдав: “Ананда аа, энэ цэцэг асгарч, тэнгэрийн хөгжим эгшиглэж буй нь Татхагата (Бурхан)-ыг жинхэнэ утгаар нь хүндэтгэн тахиж буй хэрэг биш юм. Ананд минь, лам хувраг, гэлэнмаа, эрэгтэй, эмэгтэй сүсэгтэн хэн боловч, хэрэв тэр хүн Дхамма-гийн зөв замаар явж, Дхамма-д нийцсэн амьдралаар амьдарч байвал тэр л жинхэнэ тахил юм. Тийн тахисанаар л Татхагата-г үнэхээр баясгаж, үнэнээр дээдлэн хүндэлж, тахин биширч байгаа хэрэг юм.
“Ийм маягаар л чи суралцах ёстой, Ананда минь”
Дигха Никая,
Махапариниббана судар (II.265–266)

Leave a comment