Махапаринирваан
“Будда Бэллаван хийдэд борооны улирлыг өнгөрөөгөөд хувраг Анандад гурван сарын дараа Махапаринирваанд орно гэдгээ айлдсан ажээ. Үүний дараа тэд Кушинагар хотыг зорин аян замд гарсан байна. Энэхүү судар нь Будда аажимхан аялсаар, ном айлдсаар эцсийн Нирваанд орох хүртэлх замналыг өгүүлсэн, судрын айлдварууд дундаас хамгийн урт бөгөөд сэтгэл хөдөлгөм өгүүлэмж билээ. Уг судраас хэсэгчлэн нийтэллээ.

Нэгэн цагт Бурхан Багш Ражигахад, “Тас цогцолсон оргил” уулын ойролцоо саатан байлаа. Тэр үед Видеха гүнжийн хүү, Магада улсын хаан Ажатсатту Важжичууд руу довтлохоор санаархан: “Би энэ их хүчирхэг Важжичуудыг довтолж бүрмөсөн сөнөөн дарж, сүйрсэн балгас болгоно” хэмээн машид их хилэгнэж байв.
Тэгээд тэрбээр өөрийн Магада улсын нэгэн бярман сайд Вассакара-д хандан: “Бярман чи Буддад даруй оч! Очоод, миний өмнөөс тэргүүнээрээ түүний өлмийд мөргө! Тэгээд “Эрхэм дээдэс минь, та энх тунх, хүч тэнхээтэй, амгалан тайван сууна уу?” гэж амар мэндийг мэдээд, дараа нь энэ үгийг дамжуул:
“Эрхэм дээдэс минь, Видеха гүнжийн хүү Магада улсын хаан Ажатсатту, Важжичууд руу довтлохыг хүсч байна.
Тэрбээр “Би энэ их хүчирхэг Важжичуудыг довтолж бүрмөсөн сөнөөн дарж, сүйрсэн балгас болгоно” гэж хэллээ.
Будда хэрхэн айлдахыг сайтар тогтоож, надад ирж айлтга! Учир нь Гэгээрсэн тэрбээр хэзээ ч худал үг айлддаггүй.”
Бярман Вассакара:
“Тийм ээ, эрхэм хаантаан” гээд хамгийн сайн тэрэгнүүдийг хөллүүлэн өөрөө нэгэн сайхан тэргэнд суун олон сайхан тэрэг дагуулсаар Ражигахаас Тас цогцолсон оргил уулыг зорин хөдөллөө. Тэрээр газар орны боломжтой хэсгийг хүртэл тэргээр явж хүрээд Буддагийн залран буй газар явганаар ойртон очиж амар мэндийг мэдээд нэгэн зүгт сууж Буддад айлтгав: “Эрхэм дээдэс Гоутам минь, Видеха гүнжийн хүү Магада улсын хаан Ажатсатту өлмийд тань тэргүүнээрээ мөргөж ‘Эрхэм дээдэс минь, та энх тунх, хүч тэнхээтэй, амгалан тайван сууна уу?” гэж асууж байна.
Эрхэм дээд Гоутам минь, хаан Ажатсатту Важжичууд руу довтлохыг хүсч: “Би энэ их хүчирхэг Важжичуудыг довтолж бүрмөсөн сөнөөн дарж, сүйрсэн балгас болгоно” хэмээн хэллээ!
Тэр үед Буддагийн ард зогсон, түүнийг сэвж сэрүүцүүлж байсан хувраг Анандад Будда айлдав:
Ананд аа, чи Важжичууд ойр ойрхон хуралдаж, олон удаа цуглардаг гэж сонссон уу?
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Важжичууд ойр ойрхон хуралдаж, олон удаа уулзаж буй цагт тэд доройтохгүй, хөгжин дэвжих болно.
Будда:
Ананда аа, чи Важжичууд эвтэйгээр хуралдаж, эвтэйгээр тараад, эвтэйгээр үйл хэргээ явуулдаг гэж сонссон уу?”
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Важжичууд эвтэйгээр хуралдаж, эвтэйгээр тараад, эвтэйгээр үйл хэргээ явуулж буй цагт тэд доройтохгүй, хөгжин дэвжих болно.
Будда:
Ананда аа, чи Важжичууд шинэ хууль цааз зохиохгүй, байсан хууль цаазыг халж үгүй хийхгүй, харин эртний Важжийн уламжлалт тогтсон ёсыг дагаж мөрддөг гэж сонссон уу?
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Тэд шинэ хууль зохиохгүй, хуучныг устгахгүй, харин эртний Важжийн тогтсон ёсыг даган мөрдөж байвал тэд доройтохгүй, хөгжин дэвжих болно.
Будда:
Ананда аа, чи Важжичууд ахмад буурлуудаа хүндэлж, эрхэмлэн дээдэлдэг гэж сонссон уу?”
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Важжичууд ахмадуудыг хүндлэн дээдэлж тэдний үгийг сонсож буй цагт тэд доройтохгүй, хөгжин дэвжих болно.
Будда:
Ананда аа, чи Важжичууд овог аймгийн эмэгтэйчүүд, охидыг хүчээр булаан авч, хамт амьдруулахыг зөвшөөрдөггүй гэж сонссон уу?”
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Тэд эмэгтэйчүүд, охидыг хүчээр булаан авахгүй, хүчээр хамт амьдруулахыг зөвшөөрдөггүй цагт тэд доройтохгүй, хөгжин дэвжих болно.
Будда:
Ананда аа, Важжичууд хот доторх болон хотын гаднах ариун шүтээн-тахилгын газруудаа хүндэтгэн, дээдлэн, эрхэмлэн тахин шүтэж, урьдын цагаас өргөж ирсэн зохих тахил өргөлийг орхигдуулдаггүй гэж чи сонссон уу?”
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Важжичууд хот доторх болон гаднах шүтээнүүдээ хүндэтгэж, урьдны зөв тахил өргөлийг орхигдуулахгүй байвал тэд өсөн дэвжинэ, доройтохгүй.”
Будда:
Ананда аа, чи Важжичууд төгс гэгээрэгчийг зохих ёсоор хамгаалж, орон хийдээр тэтгэж, аюулгүй байдлыг нь хангасанаар олон төгс гэгээрэгч энэ оронд ирж тавтай амьдрах болдог гэж сонссон уу?”
“Сонссон, эрхэм дээдэс минь”
Важжичууд төгс гэгээрэгчийг зохих ёсоор хамгаалж, тавтай амьдруулах цагт өсөлт хөгжил хүлээж болох бөгөөд уналт доройтол нүүрлэхгүй билээ.
Тэгээд Будда бярман Вассакарад айлдсан нь:
Бярман минь, нэгэн удаа би Весалийн ойролцоо Сарандада хэмээх ариун газарт саатаж байхдаа Важжичуудад уналт доройтлыг зогсоох эдгээр долоон зарчмыг заасан юм.
Эдгээр долоон зарчим Важжичуудын дунд оршсоор, мөн тэдгээрийг тэд сахиж мөрдсөөр байвал, тэд өсөн дэвжих бөгөөд уналт доройтол нүүрлэхгүй билээ.
Будда ингэж айлдсаны дараа бярман Вассакара:
Эрхэм Гоутам минь, Важжичууд эдгээрээс нэг төдийг сахисан ч өсөлт хөгжил хүлээж болох бөгөөд уналт доройтол тохиохгүй ажээ. Тэгвэл долоог бүгдийг нь сахивал бүр ч илүү!
Хаан Ажатсатту Важжичуудыг дайтаад ялж чадахгүй, зөвхөн шан харамж тэргүүтэн мөн эвийг сарниулах замаар л дийлж мэднэ” хэмээгээд Буддад хандан:
Эрхэм дээдэс Гоутам минь би одоо буцах хэрэгтэй боллоо. Хааны зарлиг олон үүрэг хүлээж байгаа билээ.
Будда:
“Бярман минь, та өөртөө тохиромжтой үедээ яв”
хэмээн айлдсанд бярман Вассакара Буддаг мэхийн хүндэтгэж, талархал илэрхийлсээр суудлаасаа өндийжээ.
Эх сурвалж:
Mahāparinibbānasutta (Dīgha Nikāya 16).
Bhikkhu Sujato-гийн англи орчуулгыг (SuttaCentral.net) үндэс болгов.

Leave a comment