Бурханы Ном-Дхаммаг бясалгалаар дадуулахуй

Саяажи У Ба Кин

Анича, Дукха, Аната (Anicca-мөнх бус, dukkha-зовлон, anattā-Би үгүй) гэдэг нь Бурханы сургаалийн гол цөм, үндсэн тулгуур нь бөгөөд бүхий л юмс үзэгдлийн нийтлэг шинж чанар юм. Хэрэв та анича (мөнх бус чанар)-г үнэхээр бодитоор таньж мэдэж чадвал, дукха буюу зовлон хэмээгч нь түүний үр дагавар болохыг, харин анатта буюу би үгүйн мөн чанар нь туйлын үнэн болохыг ойлгож ухаарах болно. Эдгээр гурвыг хамтад нь бүрэн ойлгоход цаг хугацаа шаардагдана. Анича бол юуны өмнө биеэрээ мэдэрч, бясалгалын дадлагаар ухаарах ёстой гол зүйл юм. Буддизмын тухай ном уншиж, онолын мэдлэгтэй болсоноор анича-г жинхэнэ утгаар нь ойлгож чадахгүй! Учир нь биеэр мэдэрч туршлагаар танин мэдэх тал нь дутагдана. Зөвхөн өөрийн бие сэтгэлийн дотоодод тасралтгүй өөрчлөгдөн буй үйл явцыг биеэрээ мэдэрч, ухаарснаар л Бурханы хэрхэн ойлгуулахыг хүссэн тэр л янзаар анича-г ойлгож чадна.”Ийм анича“-гийн ойлголтыг Бурхан багшийн үед байсан шиг, Буддизмын ном огт уншаагүй хүмүүс ч бодит дадлагаар хөгжүүлж чадна.


Найман зөв зам мөр

Анича-г ойлгохын тулд Найман зөв замыг чанд сахин, хичээнгүйлэн дагах ёстой байдаг юм. Энэхүү найман зам нь гурван хэсэгт хуваагддаг:

  1. Сила буюу ёс суртахуун
  2. Самади буюу сэтгэлийг нэг цэгт төвлөрүүлэх
  3. Панья буюу билэг ухаан

Сила нь самадигийн суурь болдог бөгөөд самади буюу сэтгэлээ нэгэн үзүүрт төвлөрүүлэх дадал маань бат бөх болсон цагт л панья-билгүүн хөгждөг. Иймээс сила ба самади нь паньягийн зайлшгүй урьдчилсан нөхцөл юм. Панья-Билгүүн ухаан гэдэг нь Випашяна бясалгалын дадлагаар дамжин анича, дукха, анатта-г бодитоор ойлгохыг хэлнэ.
Будда мэндэлсэн эсэхээс үл хамааран сила ба самади нь хүн төрөлхтний дунд байсаар ирсэн. Үнэндээ сила, самади нь нь бүх шашны нийтлэг суурь юм. Гэвч эдгээр нь зовлонгийн төгсгөлд хүрэх эцсийн зорилго, түүнд хүргэх бүрэн арга хэрэгсэл биш юм.


Бурханы нээлт

Зовлонгийн төгсгөлийг эрэлхийлж, зовлонгоос гарах арга замыг хайсан зургаан жилийн тасралтгүй хичээл зүтгэлийн эцэст Ханхүү Сидхарта үүнийг ухаарч, эцэст нь Гэгээрэлд хүрч улмаар хүн ба тэнгэрүүдэд зовлонгийн төгсгөлд хүрэх энэхүү гайхамшигт арга замыг заасан юм.

Энд би дараах зүйлийг тайлбарлахыг хүсч байна.

Үйл, Үг, Бодол бүрийн цаана үр дагавар буюу үйлийн үр-санкхара (saṅkhāra-kamma) үлддэг. Энэ нь бидний амьдралыг тэтгэх энергийн эх үүсвэр бөгөөд, улмаар орчлонгийн тойрог болох төрөх, өвдөх, үхэх гэсэн зовлонгийн хэлхээг үүсгэдэг.

Анича, дукха, анатта-г гүнзгий ухаарах замаар хүн өөрийн хуримтлуулсан санкхара-үйлийн үрийг аажмаар арилгаж чадна. Энэхүү үйл явц нь анича-г жинхэн утгаар нь ойлгож эхлэх мөчөөс эхэлдэг. Мөн үүнтэй зэрэгцэн шинээр үйлийн үр хуримтлагдах нь багасч, санкхараг тэтгэх энерги ч аажмаар суларна.
Ийнхүү бүхий л үйлийн үр-санкхара-гаасаа бүрмөсөн сална гэдэг нь хүний нэг амьдралын төдийгүй, нилээд хэдэн төрөл-ийн ажил байдаг юм. Санкхарагаас бүрэн ангижирсан хүн зовлонгийн төгсгөлд хүрдэг. Учир нь орчлонд хүлэгдэж дахин орших шалтгаан болсон ЭНЕРГИ- ЭРЧИМ ХҮЧ үлддэггүй.
Будда болон Архантууд энэ л замаар Париниббана буюу Нирвааны амгаланд орсон билээ.
Өнөө үед Випашяна бясалгал хийж буй бид бүхэн анича буюу “мөнх бус”-ыг сайтар ойлгож, гэгээрлийн анхны шат болох Шротапанна шатанд хүрэхүйцээр бясалгах хэрэгтэй. Ингэж бясалгаж чадсан хүн долоогоос илүүгүй төрлийн дотор зовлонгийн төгсгөлд хүрнэ.


Мөнх бусын билгүүнийг тасралтгүй дадуулах

“Мөнх бус”-ыг хором мөч бүхэнд үргэлжлүүлэн мэдэрч, тасралтгүй ажиглах нь Випашянагийн амжилтын нууц юм.
Бурхан багш шавь нартаа хандан
Сууж, зогсож, алхаж, хэвтэж байхдаа ч анича, дукха, анатта-г сэтгэлдээ үргэлж агуулж бай” хэмээн сургадаг байсан.
Тэрбээр амьдралынхаа эцсийн хоромд,
“Хуран үүдсэн бүхэн саринан устах жамтай
Хичээнгүйлэн шамдаж өөрийн авралыг бүтээхтүн.” хэмээжээ.
Энэ бол түүний 45 жилийн турш айлдсан сургаалийн хураангуй “мөн чанар” юм.



Comments

Leave a comment