Бурханы Ном-Дхаммаг бясалгалаар дадуулахуй-2

Саяажи У Ба Кин

Анича-Мөнх бусын үнэн

Бясалгалаа хийсээр анича буюу мөнх бусын үнэний ойлголт тань ахих тусам “байгалийн хууль, жам ёсны үнэн” гэж юу болох тухай таны ойлголт улам бүр гүнзгийрсээр байх болно.
Ийнхүү урагшилсаар эцэстээ та юмс үзэгдлийн бодит мөн чанар болох аничча, дукха, анатта гэсэн гурван шинж чанарт огтхон ч эргэлзээгүй болно. Зөвхөн тэр үед л та зовлонгоос салах зорилгоо өмнөө барьж, түүнд хүрэхийн төлөө урагшлах байр сууринд орно.

Одоо та энэхүү анича хэмээгчийг зовлонгоос салах замын эхлэл дэх үндсэн гол хүчин зүйл гэж нэгэнт мэдсэн болохоор практик эсвэл хэлэлцүүлгийн явцад будилахгүйн тулд илүү тодорхой аль болох өргөн хүрээтэйгээр ойлгохыг хичээх хэрэгтэй.

Аниччагийн жинхэнэ утга нь мөнх бус буюу үүсэн устах, хувиран өөрчлөгдөх чанар юм. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцөд оршин буй амьтай амьгүй бүхий л зүйл, юмс үзэгдэл бүхний нийтлэг шинж болох хувьсан өөрчлөгдөх, доройтон муудах, устан арилах дотоод мөн чанарыг хэлж байгаа юм.

Өнөө үеийнхэнд тайлбарлан ойлгуулахын тулд би Исаак Азимовын “Inside the Atom” номын “Atomic Contents” бүлгийн эхний өгүүлбэрүүд, мөн хүний биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг явагдаж байдаг химийн урвалуудын талаар өгүүлсэн (159-р хуудсан дахь хэсэг)-ийг сануулъя!

Энэ нь аливаа бүх зүйл харагдах талаасаа ямар ч ялгаатай байсан эцэстээ атом гэх өчүүхэн жижиг хэсгүүдээс бүтдэг гэсэн үзэл санааг ойлгоход тань дөхөмтэй буйзаа. Шинжлэх ухаан эдгээр атомууд нь үүсэж, сарниж, өөрчлөгдөж байдгийг баталсан.
Иймээс бид Буддагийн “хуран үүссэн бүхэн сарнин устах жамтай” буюу бүхий л юмс үзэгдэл аничча-мөнх бус гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөх нь ч зүй ёсных юм.

Будда аничча-мөнх бусыг тайлбарлахдаа өнөөгийн шинжлэх ухааны нээсэн атомтай зүйрлэшгүй өчүүхэн жижиг хэсэг буюу матер (биет)-ийн эхлэл болох калапа гэх “эгэл бөөмс”-өөс эхэлсэн. Будда шавь нартаа орчлон ертөнцөд орших амьтай амьгүй бүх зүйл калапа хэмээх хумхын тоосноос тогтдог бөгөөд, энэхүү калапа нь үүссэн даруйдаа устдаг хэмээн айлдсан.

Калапа гэдэг нь байгалийн түгээмэл найман шинж чанар болох “хатуу, шингэн, дулаан, хөдөлгөөн, өнгө, үнэр, амт, шим” зэргийг өөртөө агуулсан биетийн үүсэхүй-өчүүхэн жижиг хумхын тоос юм. Эхний дөрөв нь калапад давамгайлдаг “биет чанар” хэмээгддэг. Сүүлийн дөрөв нь эхний дөрвөөс шалтгааалан төрдөг дагалдах чанарууд төдий юм.

Калапа бол бие махбодын түвшинд орших хамгийн өчүүхэн хэсэг бөгөөд өнөөгийн шинжлэх ухааны хүрээнээс ч цааш юм.

Эдгээр найман байгалийн элемент “нөхцөлдөх” тэрхэн агшинд калапа (физик үзэгдлийн хамгийн жижиг бөөм) бүрэлддэг. Өөрөөр хэлбэл, эдгээр найман элемент нэгэн эгшинд зэрэгцэн оршихыг Буддын сургаальд калапа гэж нэрлэдэг.

Буддын сургаалийн уламжлалын тайлбар судруудад калапагийн хэмжээг дүрслэхдээ “Энэтхэгт зуны цагт тэрэгний дугуйнаас босох өлөн тоосны ширхэгийг 46,656 хуваасны нэгтэй тэнцэнэ хэмээжээ.

Калапа нь үүссэн даруйдаа устах шинж чанартай бөгөөд түүний үүсээд-устах хугацааг эгшин гэх агаад хүн нүдээ ирмэх зуур тийм нэг их наяд эгшин болж өнгөрсөн байдаг гэнэ. Эдгээр калапа нь байнга тасралтгүй өөрчлөгдөж, урсан солигдож байдаг. Випашяна бясалгалд ихээхэн гүнзгийрсэн бясалгагчид үүнийг энергийн урсгал хэлбэрээр мэдэрч чадна.



Хүний бие гэдэг нь харахад нэгэн бүхэл мэт боловч, үнэндээ материйн бөөгнөрөл-рупа ба амьдралын хүч-нама хоёр нь зэрэгцэн орших тасралтгүй үргэлжилсэн урсгал юм.

Өөрийн минь бие бүхэлдээ энэхүү тасралтгүй үүсэн устаж, хувиран өөрчлөгдөж буй өчүүхэн калапануудаас тогтдог гэдгийг мэдэх нь мөнх бус буюу аничча-гийн жам ёсны үнэнийг танин мэдэх явдал юм.
Бие махбодыг бүрдүүлж буй калапанууд нь агшин тутам үүсч агшин тутам устаж дараагийн агшинд өөр шинэ калапануудаар солигдож байдаг. Энэ үйл явц нь зогсолтгүй, завсарлагагүй үргэлжилдэг бөгөөд бие махбод бүхэлдээ дотоод эрчимтэй-шаталт, элэгдэл, доройтлын төлөвт оршдог. Ийнхүү байнга задарч, солигдож байдаг мөн чанар нь мөнх бус чанар буюу аничча юм. Харин энэхүү мөнх бус, барьж тогтоох боломжгүй зүйл нь зайлшгүй тавгүй байдал, дарамт, зовлон дагуулдаг тул аничча нь дукха буюу зовлонгийн үнэнтэй зайлшгүй холбогдоно.

Аничча буюу мөнх бусыг Дукха буюу зовлон гэж биеэр мэдэрсэн үедээ л та Дөрвөн үнэний эхнийх болох “Зовлонгийн Үнэн”-ийг бодитоор ухаарна. Яагаад гэвэл нэг агшин ч зугтаж үл болох, хормын төдийд ч амар заяа үзүүлдэггүй дуккхагийн мөн чанарыг ойлгосон цагтаа та өөрийн бие сэтгэлийн (рүпа-нама) оршихуйг үргэлжлүүлэхээс үнэхээр айж, жигшин зэвүүцэж, орчлонд шунан тачаадахаа больж зовлонгоос гэтлэх арга замыг эрэлхийлж эхэлнэ. Ийнхүү эрэлхийлж, ийн бясалгасаар сэтгэл ариуслын эхний шат Шротапанагийн түвшинд хүрч “зовлонгийн төгсгөл” ямар байдгийг энэхэн төрөлдөө ч мэдэрч Нирваан (Ниббана)-ийн амгаланг амсаж үзэх боломжтой.

Гэхдээ ямар ч байсан өдөр тутмын амьдралдаа бясалгалаа үйлдэн аничча-мөнх бусын билгүүнийг сайтар хөгжүүлсэнээр оюун сэтгэлийн болон бие махбодын хувьд ч сайн өөрчлөлт танд илэрч эхлэхийг та өөрөө мэдрэх болно.

Випашяна бясалгалд орохын өмнө, өөрөөр хэлбэл самади буюу сэтгэл төвлөрөл зохих түвшинд хөгжсөний дараа суралцагч эхлээд рупа (матер), нама (сэтгэл ба сэтгэлийн шинжүүд)-ийн талаар онолын мэдлэгтэй болох ёстой. Онолын хувьд сайтар ойлголттой болж, самадигийн зохих зөв түвшинд хүрсэн цагт Буддагийн хэлсэн жинхэнэ утгаар нь аничча, дуккха, анатта-г ойлгох бүрэн боломжтой.

Випашяна бясалгалд хүн зөвхөн рупа буюу биетийн хувиран өөрчлөгдөх мөн чанар төдийгүй, биетийн хувьсан өөрчлөгдөх энэхүү үйл явц руу чиглэсэн сэтгэлийн хувиралт өөрчлөлтийн мөн чанарыг ч ажиглан бясалгана. Зарим үед хүний анхаарал зөвхөн биеийн хувиран өөрчлөгдөх үйл явцын илрэл болох мэдрэмж дээр байна. Зарим үед анхаарал нь бодол сэтгэлийн элементүүдийн хувиран өөрчлөгдөхийг ажиглан байна.

Хүн, биеийн хувиран өөрчлөгдөж буй үйл явц болох мэдрэмжийг ажиглаж байхдаа, тэр хувиралт өөрчлөлтийг мэдэрч буйтай зэрэгцэн төрж буй бодлын элементүүд нь өөрсдөө ч мөн шилжилт, өөрчлөлтийн үйл явц юм байна гэдгийг ухаардаг. Тэр тохиолдолд та биеийн мөнх бус шинж чанар болон сэтгэлийн мөнх бус шинж чанарыг хоёуланг нь мэдэрч ойлгож байна гэсэн үг.

Энэ хүртэл миний өгүүлсэн бүхэн нь биеийн мэдрэмжээр дамжуулан аничча буюу мөнх бус-хувиран өөрчлөгдөх үйл явцыг ойлгох. Мөн тэрхүү хувиран өөрчлөгдөх үйл явцаас шалтгаалан сэтгэлд ургах бодлын элементүүдийг ойлгохтой холбоотой байлаа.

Та мөн аничча-мөнх бусыг өөр төрлийн мэдрэмжүүдээр дамжуулан ойлгож болдгийг ч мэдэх ёстой.

Үргэлжлэл…